Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Стефен Р.Ковигийн дэлхийд алдартай, хувь хүний манлайллын “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” номын үндсэн агуулга дээр тулгуурлан бичигдсэн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” оюутны сурах бичгийг "ФранклинКови Монгол" байгууллага албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр гаргасан юм.

Сурах бичгүүд таныг шинэ ертөнцөөр аялуулж, танд таалагдах таалагдахгүй шинэ санааг танилцуулж, таны парадигмд нөлөөлөх болно.

Том зузаан сурах бичгүүд сүрдмээр харагддаг боловч та үүнийг маш их мэдлэгтэй бөгөөд танд ихийг зааж чадах хэн нэгэн гэж төсөөлөөрэй. Профессор Жанет Н. Задина танд сурах бичигтэйгээ хэрхэн үр бүтээлтэй харилцаж болох талаар зөвлөгөө өгнө.

Сурах бичиг хэрхэн унших вэ?

Доктор Жанет Н. Задина, Түлэйний их сургууль

Их сургуульд та маш их зүйл унших хэрэгтэй болдог. Магадгүй таны амьдралдаа хамгийн их унших үе бол таны оюутан ахуй цаг юм. Байнга ном уншдаг хүмүүс хүртэл их сургуульд ороод түүртэх үе бий. Хэрвээ та ном унших дургүй бол их сургуульд таны тархи задрах гэж байгаа мэт мэдрэмж төрөх болно.

Тэгвэл үүнийг яаж даван туулах вэ?

Та ном уншихдаа урт аялалд гарч байна гэж төсөөлөөрэй. Та машинаар удаан хугацаанд явахаасаа өмнө төлөвлөгөө гаргадаг. Та очих газраа тодорхойлж, газрын зураг дээр явах замаа тэмдэглэдэг. Харин аялалд гарсан хойноо төөрөхгүйн тулд байнга замын тэмдэглэгээг анзаарч байдаг. Зам муудах эсвэл орой үдэш та хурдаа сааж, анхаарлаа төвлөрүүлж болгоомжтой жолоо барьдаг. Түүнчлэн түр амсхийж, шатахуунаа цэнэглэж цааш явах боломжтой болдог шүү дээ.

Ном уншихдаа та дээрх аргыг хэрэглээрэй. Энэ аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн гурван түлхүүрийг мөрдөөрэй:

1.Төлөвлөгөө гаргах

2. Уншихдаа анхаарлаа төвлөрүүлэх

3. Хэмнэлд орох

Төлөвлөгөө гаргах. Аялалд гарахаасаа өмнө аялалын маршрутаа харахын тулд та газрын зураг ашигладагтай адил номын газрын зургийг харах хэрэгтэй. Мэдээж номын газрын зураг бол бол гарчиг юм. Номын гарчиг танд гүүглийн газрын зураг харж байгаа мэт гол зүйлүүдийг дээрээс буюу бүхэлд нь харуулдаг.

Дараа нь та номыг хуудас бүрийг зэрвэсхэн хараад аваарай. Ингэхдээ дэд гарчиг, томоор бичсэн болон өнгөөр ялгасан текст, зураг дүрсийг харж аваарай. Эдгээр нь замын тэмдэглэгээний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд зохиогчийн гол санааг тэмдэглэсэн байдаг.

Номын нийт хуудсыг, номыг уншиж дуусгасан байх хугацаанд хувааж өдөр бүр унших ёстой хэмжээгээ гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл та нэг өдөрт 10,000 км давхиж чадахгүйтэй адил богино хугацаанд сурах бичгийг уншиж дуусгах боломжгүй.

Зарим газрын зураг ойлгоход хэтэрхий төвөгтэй байдаг. Ийм үед та арай хялбар газрын зураг олж ойлголт авах хэрэгтэй болдог. Үүнтэй адилаар хэрвээ та нарийн мэргэжлийн сурах бичиг унших хэрэгтэй болсон үед арай хялбар хувилбарыг нь эхлээд интернетээс олж ерөнхий ойлголт аваарай. /Мэдээж та сурах бичгээ үүгээр орлуулж болохгүй./ Түүнчлэн та ЮүТүүб дээр ижил сэдвээр тавьсан бичлэг бас үзэж болно.

Энэ бүх бэлтгэл ажлууд таныг тухайн сурах бичгийн талаар үндсэн ойлголттой болоход тань тусална.

Уншихдаа анхаарлаа төвлөрүүлэх. Машин барих, машинд сууж явах хоёр өөр байдаг. Зорчигч идэвхгүй байж, утсаар ярьж, унтаж болдог бол жолооч байнга идэвхтэй байх ёстой. Тэд байнга замаа харж, замын тэмдэглэгээг анзаарч байх ёстой бөгөөд төөрсөн тохиолдолд буцаж замаа олох үүрэгтэй байдаг.

Сурах бичиг унших нь дээрхтэй адил зүйл юм. Та идэвхгүй уншигч байж номын үгийг нүднийхээ өмнүүр урсгаад байж болохгүй. Харин та идэвхтэй уншигч байж зохиолчийн тавьсан замыг алдалгүй дагах ёстой. Түүнчлэн тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэсэн зохиолчийн гол санааг байнга анзаарч, зөв замаар өөрийгөө залж байх хэрэгтэй.

Зохиолч чиглэлээ өөрчлөх дохиог ихэвчлэн “ялгаатай нь”, “үүний оронд”, “гэвч”, “миний бодлоор” гэх мэт тэмдэглэгээгээр танд мэдэгддэг. Харин зарим “түүнчлэн”, “мөн”, гэх мэт тэмдэглэгээгээр нэмэлт мэдээллийг оруулсан байдаг. Зохиолч чухал газарт ирж байгааг “дүгнэж хэлэхэд”, “эцэст нь” гэх мэт үгээр илэрхийлдэг. Та дээрх тэмдэглэгээг дагаснаар зохиолчийн илэрхийлэх гэсэн гол санааг ойлгох боломжтой.

Идэвхтэй уншигч жолооч шиг хурдаа хасаж бас нэмж байдаг. Өөрөөр хэлбэл идэвхтэй уншигч мэддэг зүйлээ түргэн гүйлгэж хардаг бол хэцүү эсвэл шинэ зүйлийн талаар унших үедээ тогтож уншдаг. Хэрвээ ойлгохгүй зүйл гарвал дахин дахин хөөж унших үе гардаг. Харин мэдэхгүй үг хэллэг гарвал интернетээс хайх эсвэл бусдаас тусламж эрээрэй.

Идэвхтэй уншигч гол санаануудыг тодруулдаггүй. Яагаад гэвэл ингэх нь ямар нэгэн үр дүн өгдөггүй болохыг судалгаагаар баталсан байдаг. Мөн шалгалтын өмнө сурах бичгээ бүгдийг нь дахин унших гэсний хэрэггүй.

Харин оронд нь тэмдэглэл хөтлөөрэй. Тэмдэглэлийн цаасан дээрээ хоёр багана үүсгэж баруун дээр нь гол санаануудыг бичиж харин зүүн дээр нь шалгалтан дээр ирж болох асуултуудыг бичих нь үр дүнтэй байдаг. Дараа нь та уг цаасаа ашиглаж давтлага хийж болох төдийгүй бас шалгалтандаа бэлтгэх ноорогтой боллоо гэсэн үг.

Эцэст нь идэвхтэй уншигч аль болох бага сатаарахыг хичээдэг. Машин барьж байхдаа утсаар ярих, хоол идэх, зорчигчтойгоо яриа өдөх нь аюултай байдаг шиг ном уншиж байхдаа өөр зүйлд сатаарах нь таны дүнд нөлөөлөх аюултай. Иймээс та уншиж байх үедээ гар утас, текст мессеж ялангуяа чихэвчнээсээ салах хэрэгтэй.

Хэмнэлд орох. Унших бол тархины хүнд ажил юм. Ном уншихад их хэмжээний энерги зарцуулдаг бөгөөд тархины нөөц бололцооны дийлэнх хэсгийг ашигладаг. Нэг талаараа тархины дасгал хийж байна гэсэн үг.

  • Хичээлээ өдрийн турш жижиг хэсэгт тасалж хийгээрэй. Номыг амралттай унших хэрэгтэй бөгөөд эхэндээ 20 минут уншаад 5 минут амраарай. Энэ хооронд босч чилээгээ гарга. Аажмаар нэмэгдүүлж 45 минут уншиж 15 минут амрах хэрэгтэй. Та үүнийг байнга хийснээр тасралтгүй унших цагаа нэмэгдүүлэх боломжтой.
  • Өдөр бүр хичээлээ хийснээр та нэг дор хэт их зүйл хийхгүй байх боломжтой.
  • Тогтмол амарч байх. Хэрвээ та тасралтгүй гурван цаг хичээлээ хийсэн бол түр зуур дугхийж тархиа сэргээж болно.

Шөнийн нойроо алдаж болохгүй. Яагаад гэвэл унтах үед тархи шинээр сурсан мэдээллээ хадгалж авдаг.

Гол нь бүх зүйлийг уншиж чадаагүй байлаа гээд бүү санаа зовоорой. Сурах бичиг унших нь уран зохиол уншихтай адилгүй. Үг нэг бүрийг уншаагүй байлаа гээд таныг загнахгүй. Яагаад гэвэл та гол санаануудыг ойлгосон байхад л хангалттай.

Таны тархи хоёр төрлийн ой санамжтай байдаг. Эхний буюу үндсэн ой санамж нь богино хугацаанд, бага хэмжээний мэдээллийг хадгалах чадвартай байдаг. Иймээс утасны дугаар чээжлэх хэцүү байдаг. Хэрвээ та уншсан бүх зүйлээ тэр дор нь чээжлэх гэж хичээвэл үндсэн ой санамжныхаа ачааллыг хэтрүүлэх тул унших үедээ тэмдэглэл хөтлөх нь үр дүнтэй байдаг.

Харин удаан хугацааны ой санамж нь олон давтагдсан зүйлийг удаан хугацаанд хадгалах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл та нэг зүйлийг хэр олон давтана төдий чинээ гүн сууна гэсэн үг.

Үүнийг өндөр өвстэй тал газраар төсөөлөөд үзээрэй. Хэрвээ та тал дундуур олон удаа явбал жим гаргаж чадах бөгөөд цаашлаад энэ жим хурдны зам болох боломжтой.

Таны тархи ч мөн адил дээрх журмаар ажилладаг бөгөөд их унших тусам амархан болж ирдэг. Иймээс эхэндээ хэцүү байх боловч хичээж, зүтгэл гаргаснаар та маш сайн уншигч болох боломжтой.

Доктор Жанет Задина өмнө нь нийтийн коллежид багшилдаг байсан бөгөөд сурагчдыгаа унших бэрхшээлүүдтэй тулгарч байгааг хараад танин мэдэхүйн неврологи буюу тархи хэрхэн суралцдаг талаар сурахаар дахин их сургуульд суралцахаар шийдсэн байна. Одоо тэрээр Түлэйний их сургуулийн неврологийн тэнхимийн туслах профессороор ажилладаг. Тэрээр олон мэргэжлийн ном зохиол туурвисан бөгөөд “Зургаан долоо хоногийн дотор унших чадвараа дээшлүүлэх; мэргэжлийн уншигч болох шинжлэх ухаан болох арга замууд” номын зохиогч билээ. Түүнчлэн тэрээр тархины талаар шинэ судалгаа, шинжилгээнүүдээ brainresearch.us цахим блогтоо нийтэлдэг төдийгүй дэлхийн олон оронд уулзалт семинар зохион байгуулдаг.

  • "Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал" номыг зөвхөн Интерном номын дэлгүүр болон "Франклин Кови Монгол" байгууллагаас худалдан авах боломжтой. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 89002329, 70140100 утсаар холбогдон аваарай.

Их сургуулийн оюутны сурах бичиг таньд амьдрал сургуульдаа амжилт гаргахад тань туслах болно.