Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Мэргэжилтний Зөвлөгөө

Их сургуулийн ихэнх хичээл дээр та ямар нэгэн илтгэл эсвэл танилцуулга хийх шаардлагатай болдог. Миний хувьд оюутан байхдаа хэдэн танилцуулга хийж байсан бөгөөд олны өмнө гарч ярих надад тийм ч таатай байгаагүй. Гэвч үүнийг хийх ёстой бөгөөд давж гарах л болно. Зарим танилцуулга энгийн байдаг бол зарим дээр нь поверпойнт программ дээр слайд бэлтгэж хийх шаардлага гардаг. Гэвч хамгийн гол зүйл бол сонсогчидтойгоо амьд харилцаа үүсгэх явдал юм. Бид үүнийг хийж чадах нэг хүнийг олсон бөгөөд түүнийг Крейг Эскамилла гэдэг. Тэр Техаст амьдардаг ба илтгэх урлагийн мэргэжилтэн төдийгүй хөгжимчин тул үзэгчидтэй холбогдох гэдгийг мэддэг хүн юм.

Хэрхэн сайн илтгэл бэлтгэж, танилцуулга хийх вэ?

Крэйг Эскамилла, Ламарын их сургууль

Хэн олон хүний өмнө гарч танилцуулга хийх дуртай вэ?

Дуртай хүн тийм ч олон байхгүй байх гэж би бодож байна.

Гэвч их сургуульд үүнийг олон хийх шаардлага гардаг. Оюутан болсноор та сурсан мэдсэнээ бусдад танилцуулга хэлбэрээр түгээж бас өөрөө зааж буй зүйлээ маш сайн ойлгож чаддаг. Иймээс сайн илтгэл, танилцуулга хийх нь хэн нэгний үгийг давтаж буй хэрэг бус харин суралцах нэг арга зам юм.

Илтгэл хийх бол танд олдож буй боломж юм. Та ажил дээр гараад ямар нэг байдлаар танилцуулга хийх хэрэг гарах бөгөөд үүнд одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй.

Ихэнх оюутнууд илтгэлийн талаар ижил зүйл асуудаг:

  • Би юу ярих вэ?
  • Хэрхэн сандрахгүй байх вэ?

Дээрх асуултанд хариулт болгож би дараах зөвлөгөөг бичсэн юм.

Би юу ярих вэ?

Эхнээс нь сонирхол татахуйц байлга. Сайн илтгэл гэдэг бол сайн хэлэлцүүлэг байдаг. Та мэдээж хэлэлцүүлэг яаж эхлүүлэх талаар мэдэх байх. Шинэ, сонирхолтой бөгөөд хэцүү асуулт эсвэл хэзээ ч сонсож байгаагүй баримт, түүх дэлгэж эхлүүлж болно. Ихэнх сайн илтгэл ямар нэгэн зүйлийн одоо байгаа байдлыг ирээдүйтэй нь харьцуулж эхэлдэг.

Заримдаа илтгэлээ ямар нэгэн зураг, хүснэгт эсвэл графикаар эхлүүлэх нь тохиромжтой байдаг. Бусдыг шинэ мэдээлэл эсвэл зургаар гайхшруулах хэрэгтэй. Жишээ нь та химийн урвалаар илтгэл хийх гэж байгаа бол урвалын өмнө болон дараах зургаар илтгэлээ эхэлж болно. Эсвэл та шинэ технологийн талаар ярих гэж байгаа бол харьцуулсан хүснэгт бэлтгэж болно. Таны ярих зүйлийг бүхэлд нь илэрхийлж чадах ямар нэгэн дүрс сонгох нь чухал.

Зорилгоо бүгдэд ойлгомжтойгоор тодорхойл. Хэрвээ та танилцуулга хийх даалгавар авсан бол тухайн даалгаврын зорилгыг сайн ойлгож аваарай. Багшаасаа бүх зүйлийг асууж тодруулах нь чухал: “Үүнийг хийх зорилго нь юу вэ? Та үүнээс ямар үр дүн харж байна вэ? Та яаж дүгнэх вэ? Хэдий хугацаанд бэлэн болгох вэ? Поверпойнт ашиглаж болох уу?”

Та илтгэлээ хийх үедээ хамгийн эхэнд зорилгоо бидэнд тодорхойлж хэлээрэй. Та яагаад энэ танилцуулгыг хийх болсон? Үүнийг хийснээр юу батлах? Бид таны мэдээллийг хэрхэн ашиглах ёстой эсэх?

Хураангуй буюу дараагийн сонирхолтой зүйлс. Кино эхлэхийн өмнө удахгүй гарах киноны товч танилцуулга гардаг. Яг үүнтэй ижил зүйл илтгэлийнхээ эхэнд хийх нь зөв. Бидэнд ярих зүйлүүдийнхээ товч хураангуйг хэлж өгснөөр бид тодорхой хүлээлттэй болно. Хэрвээ таны илтгэл гурван хэсгээс бүрдэж байгаа бол хэсэг бүрийг товч тайлбарлаж өгөөрэй.

Түүх ярьж өгөөрэй. Бид бүгд л хайрын түүхд дуртай байдаг. Сайн түүх болгон гол утга санаатай байдаг бөгөөд нууц түүхүүд хүмүүсийн анхаарлыг илүү ихээр татдаг. Харин таны илтгэлийн “гол утга санаа” нь юу вэ? Та бидэнд ямар нууц түүхийг задлах гэж байна вэ? Та хэрхэн нууцыг задлах вэ?

Илтгэлээ түүх маягаар эхлүүл /”эрт урьдын цагт...”/: “Өнгөрсөн сард туршилт хийж байтал...,” “Энэ долоо хоногт надад дараах бодол төрлөө...,” “Өчигдөр бидний мэдэх амьдрал үнэн хэрэгтээ өөр зүйл болохыг...” Ингэснээр та бусдын анхаарлыг дор нь татах бөгөөд тэдэнд үргэлжлүүлэн одоо болон ирээдүйг харьцуулсан харьцуулалтаа ярьж өгөөрэй.

Мэдээллээр баян бай. Их хэмжээний сонирхолтой түүх, баримт, тоо баримт цуглуулж тэр дотроос хамгийн сонирхол татахуйц мэдээллийг танилцуулгандаа багтаагаарай. Үүнд Гүүгл танд туслах бөгөөд хангалттай хэмжээний мэдээлэл та эндээс олж чадна. Харин мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж үзээрэй.

Энгийн бай. Эхлэл, их бие, төгсгөл гэсэн энгийн бүтцээр илтгэлээ бэлдээрэй: “Би ингэж бодож байна. Би өөрийн бодлоо дараах гурван баримтаар баталгаажуулж байна. Эцэст нь та одоо яагаад намайг ингэж бодсоныг ойлгож байгаа биз.”

Хэрвээ та слайд бэлтгэсэн бол мөн адил энгийн байдлаар нэг нүүрэнд нэг санаа байхаар тооцоорой. Харин бүтэн нүүр дүүрэн хүснэгт эсвэл текст хийх хэрэггүй бөгөөд нэг зураг, товчхон хэдэн өгүүлбэр байхад хангалттай байдаг.

Биднийг оролцуул. Одоо үед дундаж анхаарал хандуулалт хэдхэн секундээр хэмжигддэг болсон. Нуршуу лекцийн үеэр нойр хүрдэг гэдгийг та мэдэж байгаа. Иймээс та сонсогчдоо ингэж бүү алдаарай.

Харин та биднээс олон асуулт асууж хэн нэгнийг хариулахыг хүлээх хэрэгтэй. Ямар нэгэн зургийн тайлбар хийхдээ эхлээд бидний бодлыг сонсоорой. Ямар нэгэн түүх ярихдаа гол утга учрыг нь өөрөө тайлбарлахын оронд биднээс асуу. Ганцаараа ярилгүй бидэнтэй хамт ярилцаарай.

Дахин сануулахад сайн илтгэл гэдэг бол сайн хэлэлцүүлэг юм шүү.

Хэрхэн сандрахгүй байх вэ?

Илтгэл тавих үедээ бага зэрэг сандрах нь сайн байдаг. Сандрах үед ялгардаг адреналин таныг сэргэг байдал, эрч хүчээр дүүргэх болно. Энэ бол сайн зүйл юм.

Мэдээж хэрэг та хэт сандарч болно. Энэ үед таны ам хатаж, гар чичирч, нүүр улайж, ухаан санаа балартдаг. Харин танилцуулга хийх үедээ ийм байдлаас хэрхэн гарах вэ? Дараах зөвлөгөөг дагаарай.

Бэлтгэлээ сайн базаах. Та ярих зүйлээ урьдчилан бэлтгэж өөрийн болгох хэрэгтэй. Хэрвээ та танилцуулах зүйлээ бүрэн ойлгоогүй бол сандрах нь зүйн хэрэг. Ярих зүйлээ найзынхаа хамт давтаж түүнээс санаа оноог нь аваарай. Дахин дахин давтаарай, хэрвээ шаардлагатай бол нохойтойгоо ч хамаагүй давт.

Дүрс бичлэг хий. Хийх танилцуулгаа давтах үедээ бичлэг хийж дараа нь эргүүлж үзээрэй. Та бодож байснаасаа тайван харагдана гэдэгт би итгэлтэй байна. Янз бүрийн илүү хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж засахыг хичээ.

Тэмдэглэл хийх. Та маш сайн давтсан ч гэсэн бүрэн тайвширч чадахгүй бол тэмдэглэлийн жижиг цаас ашиглаарай. Эсвэл слайдны доод хэсэгт бичсэн ч болно. /PowerPoint Speaker View тохиргоог ашиглах./ Харин бичсэн тэмдэглэлээ уншихгүй байхыг анхаараарай.

Асуултад тайван хариулах. Заримдаа хэн нэгэн хэцүү асуулт асуух үе байдаг. Ийм үед сандрах хэрэггүй бөгөөд харин тайвнаар түүний асуултыг давтаарай. Хэсэг хугацаанд чимээгүй байж асуултыг бодох хэрэгтэй. /Чимээгүй байх нь сүртэй шүү дээ./ Ингээд өөрийн чадах чинээгээр асуултанд хариулаарай. Таны хариулт хангалттай байсан эсэх талаар лавлаж асуу. Хэрвээ хангалтгүй эсвэл та хариулж мэдэхгүй бол шуудхан үүнийгээ хүлээсэн нь дээр. Тэгээд хариултыг судлаад дараа эргээд хэлье гэж амлаад амлалтандаа хүрэхэд л болно.

Асуултнаас хэзээ ч айж болохгүй. Хэн ч таныг бүх асуултад хариулах ёстой гэж бодохгүй бөгөөд хэцүү эсвэл мэдэхгүй асуултууд таныг шинэ зүйл сурч мэдэхэд хөтөлдөг.

Бусдыг ойлгож сонсоорой. Эцэст нь хэлэхэд илтгэл амжилттай хийх гол түлхүүр бол Дадал 5: Эхлээд ойлго, Дараа нь ойлгуул юм. Хачирхалтай нь сайн илтгэгч нар ихэвчлэн сайн сонсогч байж чаддаг. Тэд сонсогчдоо мэдэрч, бидний хүсэл сонирхлыг мэдэж чаддаг. Та асуулт асууж хариултыг анхааралтай сонссоноор бидний талаар дүгнэлт хийж чадна. Ингэснээр та бидний харах өнцгөөс аливаа асуудалд хандаж өөрийн харах өнцгөөс тухайн асуудлыг бидэнд ойлгуулж чаддаг болно. Та өөрөөсөө, “Энэ хүмүүс надаас юу хүсэж байна вэ? Би тэдэнд яаж тусалж болох вэ? Тэдэнд ямар илтгэл хамгийн их хэрэг болох вэ?” гэж асуугаарай.

Хэрвээ та илтгэлээ бэлтгэхдээ бидний талаар их харин өөрийнхөө талаар бага бодвол таны санаа зовнил алга болох болно. Ингэснээр таны илтгэл илүү их сонирхолтой болох нь дамжиггүй.

Крэйг Эскамилла нь Техас мужийн Бөүмонт хотын 15,000 оюутантай Ламарын Их Сургуулийн Бизнесийн тэнхимд удирдахуйн ухааны багшаар ажилладаг. Тэрээр гүйцэтгэх удирдлага, стратеги төлөвлөлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж олон тооны харилцагчидтай хамтран ажилласан туршлагатай. Түүнчлэн хэдэн жилийн турш Зүүн-өмнөд Техасын Филармонийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.

"Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал" номыг зөвхөн Интерном номын дэлгүүр болон "Франклин Кови Монгол" байгууллагаас худалдан авах боломжтой. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 89002329, 70140100 утсаар холбогдон аваарай.