Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 13.

Тэтгэлгийн зорилго:

  • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
  • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

  • Магистр, докторын сургалт
  • Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
  • Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх;
  • Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрийн зэргийн дипломтай байх,
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх;

Франц хэл:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ;
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
  • TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;

Хэрэв Та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Англи хэл:

Тухайн хүлээн авч суралцуулах сургуулийн шаардлагад нийцэхүйц оноо бүхий IELTS эсвэл TOEFL-г шалгалт өгсөн байх. Шалгалтыг 2014 оны 3 сарын 1-нээс хойш өгсөн байх;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүрэн, үнэн зөв бөглөсөн анкет /татаж авах/;
  • CV буюу товч намтар;
  • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 фонтоор бичигдсэн байх/;
  • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
  • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн урилга бүхий албан захидал эсвэл тодорхойлолт;
  • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
  • Докторын сургалтанд хамрагдах бол Монголын болон Францын эрдэм шинжилгээний удирдагч багш нарын зөвшөөрөл ба албан бичиг;
  • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг;
  • Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэн,

2016 ОНЫ V САРЫН 13-НЫ ДОТОР дараах хаягаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлсэн байх ёстой..

Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хаяг:
Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны Элчин зөвлөх
Ноён Жон Флоран ФИЛТЦ танаа

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.

Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
  • Нэгдүгээр шатанд хоёр орны хариуцагч байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан комиссын гишүүд тэтгэлэгт хамрагдахаар бүрдүүлж өгсөн баримт бичигт үнэлгээ өгч, хоёрдугаар шатны шалгаруулалт буюу ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулна.
  • Нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн, хоёрдугаар шатанд шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 5-р сарын 30-ны дотор Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг 2016 оны 6-р сарын 6-наас эхлэх долоо хоногт багтаан шалгуулагчид мэдэгдэнэ.

Францын ЗГ-н тэтгэлэг хүртэгч нь дараах эрхийг эдэлнэ.

  • Тосч авах үйлчилгээ авах,
  • Францын визны хураамжаас чөлөөлөгдөх,
  • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
  • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
  • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
  • Мастер, докторын тэтгэмжит оюутнууд компьютер худалдан авсан бол нийт сургалтын хугацаанд нэг удаа төлбөрийг буцаан авах,
  • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
  • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
  • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.

Холбоо барих :

Нэмэлт мэдээллийг Франц Улсаас Монголд Улсад суугаа ЭСЯ-ны 11-324519 утсаар ажилтан Т.Төрнямтай холбогдож лавлана уу.
Цахим хаяг : turnyam.togtokh@diplomatie.gouv.fr
Түүнчлэн, дараах холбоосуудаар хандан Франц Улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.

ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга.
http://www.cnous.fr

ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД
Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд.
http://www.education.gouv.fr

КАМПУС ФРАНС
Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.
http://www.campusfrance.org

ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүд
http://www.ciep.fr