Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ.

Энэхүү хөтөлбөр энэ жил 4 дэх удаагаа амжилттай хэрэгжсэн юм. Тэгвэл өнөөдөр уг хөтөлбөрт зориулсан “Оюутан-цэрэг” номын нээлт боллоо.

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр оролцож үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Монгол айлд хүү төрөх бүрд эх орноо хамгаалах эр хүн нэгээр нэмэгдлээ хэмээн бахардаг, тэгж эх орон, аюулгүй байдалдаа байнга санаа тавьдаг эх оронч үзэл шингэсэн иргэнтэй улс бол манай улс юм.

Олон нийтийн оролцоо, сайн сайхан санаа, үзэл бодлыг судлан ажил хэрэг болгох нь төрийн хүний эрхэм чанар, улс орон хөгжин дэвжихийн эх үндэс билээ.

Энэ хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг манай оюутнууд анх санаачлахдаа оюутан залуусыг зуны амралтаар ямар ажил хийлгэх, цагийг хэрхэн өнгөрүүлэх талаар судалсан олон санал, санаачилгуудын дундаас сонгож, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон цэргийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачидтай зөвшилсөний үндсэн дээр дэвшүүлэн тавьсан байдаг.

Монголын оюутны холбооны энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч талархан дэмжиж оюутан залуусыг зуны амралтаар цэргийн сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч “Оюутан цэрэг” хөтөлбөр гэсэн нэрээр хэрэгжүүлж, одоо олны дэмжлэг авсан, амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрийн нэг болоод байна.

Ард түмний дэмжлэг авсан, оюутан залуусын сонирхлыг татсан энэ хөтөлбөрийг цаашид зөв оновчтой хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганаар батлуулсан “Цэргийн албаны тухай хууль”-д “Оюутан цэрэг” гэсэн тусгайлсан заалт оруулж баталгаажуулж өглөө.

Цаашид хууль эрх зүйн орчин бүрдсэн, хэрэгжүүлэх Зарлиг, тогтоол шийдвэр, сургалтын хөтөлбөр гарч хэлбэржсэн энэ хөтөлбөрийг тууштай тасалдалгүй хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, орон нутгийн захиргааны байгууллага, Монголын оюутны холбоо болон бусад холбогдох байгууллагууд идэвхи санаачилгатай, өргөн хүрээтэй ажил болгох нь чухал юм.

Өнөөдөр Та бүхний гар дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Оюутан цэрэг” хөтөлбөр ном хэвлэгдэн очиж, бэлэн гарын авлагатай болж байгаа нь сайшаалтай хэрэг гэж үзэж байна.

Энэ хөтөлбөрийг санаачлагчид, дэмжсэн байгууллагууд, цэрэг- аюулгүй байдлын байгууллагууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн агуулга хэлбэрийг өргөжүүлж, олныг хамарсан чухал холбогдолтой болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “ Эх орноо хамгаалах гэдэг иргэнээ бэлтгэхээс эхэлдэг” гэсэн санал, санаачилгад нийцүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг санаачилсан оюутан залуус, дэмжиж хэрэгжүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, хөтөлбөрийг эхлүүлсэн ажлын хэсэг, амжилттай хэрэгжүүлж байгаа Батлан хамгаалахын их сургууль, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын захиргаа, хамт олон, оюутан залуусдаа гүн талархал илэрхийлж, амжилт хүсье” гэлээ.