Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн журмыг шинэчлэн боловсруулсан байна. Энэ талаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайханаас тодрууллаа.

-Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд шинээр шалгуур тогтоосон байна. Энэ шалгууруудын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Боловсролын салбарт хийж буй өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээд боловсролын магадлан итгэмжлэлийн хугацааг түр хугацаанд зогсоосон. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ажил эхэлж байгаа. Өнгөрсөн жилүүдэд ямар алдаа дутагдал байсан бэ гэхээр их сургуулиудыг 10 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжилдэг байсан нь сургуулийн сургалт, чанарыг дүгнэхэд олон бэрхшээл гарч чанарыг байнга хянах, үр дүнг нь үнэлэх боломжгүй байсан. Тиймээс шинэ магадлан итгэмжлэлийн журмаар их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын үндэсний төвүүдийг таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмлжлэх болж байгаа.

Мөн Боловсролын тухайн хуульд магадлан итгэмжлэлтэй холбоотой нэлээд олон өөрчлөлт байгаа. Их, дээд сургуулиудыг сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжилдэг байсан бол одоогийн хуулийн найруулгаар заавал магадлан итгэмжлүүлэх болж байгаа. Өмнө нь сургалтын байгууллагуудыг магадлан итгэмжлэхдээ 20 компьютертэй байх, багш нарын хэдэн хувь докторын зэрэгтэй, байртай байх зэрэг олон шалгуур тавьж байсан. Харин одоо сургалтын үйл ажиллагаа нь олон улсын хөтөлбөрт хүрсэн үү, бакалаврын сургалтын хүрээнд олгох ёстой мэдлэгээ бүрэн зөв олгосон уу гэсэн гол шалгуураар магадлан итгэмжилнэ. Шинэ шаардлагаар их, дээд сургуулийн сургалтын чанарыг ялангуяа төгсөгчдийн ур чадвар, амжилтыг үнэлдэг үр дүнд суурилсан чанарын үнэлгээг хийж магадлан итгэмжилж байгаагаараа онцлог.

-Энэ онд магадлан итгэмжлүүлэх шаардлагатай хэдэн сургууль байна вэ?

-2015-2016 онд 15 их дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусаж байгаа. Ихэнх нь төрийн хэвшлийн сургуулиуд. Тодруулбал, МУБИС, АШУҮИС, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, Завхан аймаг дахь Политехникийн коллеж, Хувийн хэвшлийн сургуулиудаас “Отгонтэнгэр”, “Ховд”, “Орхон” их сургууль, “Их засаг” олон улсын их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, “Мандах бүртгэл”, “Эм ай ю” дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан.

-Энэ онд олон улсад аль сургуулийн ямар хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх вэ?

-Энэ онд нийтдээ долоон сургуулийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх гэж байна. Хөтөлбөрүүдийн ихэнх нь байгалийн ухааны хөтөлбөрүүд байгаа. Тодруулбал, МУИС-ийн хими, программ хангамжийн, ШУТИС-ийн цахилгаан холбоо, геодезийн, АШУ ҮИС-ийн ерөнхий мэргэжлийн анагаах ухааны, ХААИС-ийн инженер механик, МУБИС-ийн багш, математикийн боловсролын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

-Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхдээ гаднын ямар байгууллагатай хамтран ажиллаж байна вэ. Тус байгууллагын баталсан хөтөлбөрийг нийт хэдэн сургууль хүлээн зөвшөөрдөг юм бол?

-Хөтөлбөрөө аль байгууллагаар магадлан итгэмжлүүлснээс хамаарч хэдэн улсад энэ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх вэ гэдэг нь шийдэгддэг. Жишээлбэл, АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (АСВ-SР) байгууллагаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн тохиолдолд энэ байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн 14000 сургуулийн хөтөлбөрт кредит нь дүйцэж, дараагийн шатны сургуульд суралцахад ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй.


Эх сурвалж: http://vip76.mn/content/38221