Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс "Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлагыг их дээд сургуулийн удирдлагуудад танилцуулах, гишүүн сургуулиудад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж БСШУ-ы сайд, БМИҮЗ-ийн дарга Л.Гантөмөр үг хэлэхдээ:


Л.Гантөмөр: "Дээд боловсролын АКАДЕМИК эрх чөлөөг

хүндэтгэсэн загварыг бий болгоно"

"Манай БМИҮЗ-өөс өнөөдөр УИХ-д Боловсролын тухай багц хуулийн дээд боловсролын тухай хуулийн магадлан итгэмжлэлийн шинэчлэлтийн хэсэгт өөрчлөлт оруулан өргөн барьсан бөгөөд одоо Байнгын хороон дээр хэлэлцэгдэж байгаа.

Энэхүү магадлан итгэмжлэх шалгуурт орсон өөрчлөлтүүдийг 2015 онд эрдэмтэн багш нар, судлаачид хамтдаа боловсруулсан бөгөөд БМИҮЗ-өөр батлуулсан. Энэхүү шалгуур батлагдснаас их дээд сургуулуудийн хувьд шинэчлэлт эхлэх болно.

Тухайлбал, өнөөдрийг хүртэл тухайн сургууль нь тогтсон стандарт, загварт хүрсэн тохиолдолд магадлан итгэмжлэгддэг байсан.

Харин хуулинд тусгагдсан шинэ шалгуур нь сургуулиудыг илүү их нээлттэй, зорилготой, өөрсдийн гэсэн онцлогтой, дээд боловсролын академик эрх чөлөөг хүндэтгэсэн боловсролын загварыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Азийн Хөгжлийн Банкны "Дээд боловсролын шинэчлэл"-ийн төслийн хүрээнд БМИҮЗ-ийн үйл ажиллагааг шинэчилэх, их дээд сургуулиудийн чанар чансааг нэмэгдүүлэх, Олон улсын магадлан итгэмжлэлд долоон хөтөлбөр, дотоодын магадлан итгэмжлэлд 21 хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Энэ хүрээнд Германы ASIIN байгууллагатай хамтарч ажиллах болно. Бид зөвхөн Азийн Хөгжлийн Банкнаас авч байгаа зээлийн санхүүжилтийн хүрээнээс гадна өөрсдийн бололцоог бүрэн гарган ажиллах болно. Нийт 1 сая ам.долларыг зарцуулах болно.

Хэрвээ бидний хүсэж байгаагаар хууль батлагдвал, бид бие даасан, яамнаасаа хараат агентлаг болох болно. Гэхдээ яамтайгаа хамтран ажиллах үедээ ч бас ажиллана. БМИҮЗ-д өнөөдрийг хүртэл ажилласан нийт хүмүүс болон их сургуулийн удирдлагууд болон холбогдох хүмүүст баярлалаа" гэв.

Үүний дараа БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан БМИҮЗ-ийн 2015 оны ажлын тайланг танилцуулсан бөгөөд хэлсэн үгэндээ:

"Монгол Улсад одоогоор 100 гаруй их дээд сургууль, коллеж байгаагаас 71 нь магадлан итгэмжлэгдсэн. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 15 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгаа. Эдгээр сургуулиуд ҮЗ-тэй холбогдож, хугацаагаа сунгах боломжтой.

Өмнөх хуулиндаа бол сургуулиуд сайн дураараа магадлан итгэмжлэгддэг байсан. Харин УИХ-д барьсан хуулийн найруулгын өөрчлөлт дээр бол дээд боловсролын байгууллага заавал МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭХ ЁСТОЙ гэж өөрчилсөн байгаа. Харин сургалтын хөтөлбөрөө бол сайн дураар итгэмжлүүлэх боломжтой. Мөн аливаа асуудал шийдүүлэхдээ БМИҮЗ-өөс зөвшөөрөл авсны дараа яаманд хандах гэсэн шат дараалалтай болгосон байгаа.

Цаашилбал өмнө нь арван жилийн хугацаатай сургуулиудыг магадлан итгэмжилдэг байсан. Гэвч арван жилийн хугацаанд гурван удаа л тайлан гаргасан сургууль байна.

Тиймээс бид шинэ хуулиндаа итгэмжлэх хугацааг багасгасан. Яагаад гэвэл дээд боловсролынхон бол тасралтгүй өсөн дэвжих ёстой байгууллага учраас. Үндсэндээ бид сургууль бүрийг байнга хянах боломжтойгоос гадна хэрэгтэй зөвлөгөөг өгдөг системийг бий болгож байна гэсэн үг.

Хэрвээ магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд дотор чанар муу байвал нэг жилийн хугацаа өгч, манай зүгээс шаардлагатай зөвлөгөө өгөх болно" гэв.

Үүний дараа ДБСМН-ийн тэргүүн, доктор, профессор С.Батхуяг" Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуурын шинэчлэл", БМИҮЗ-ийн Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, мэргэжлийн зөвлөлүүд хариуцсан мэргэжилтэн Б.Мядагмаа "Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын шинэчлэл" сэдвүүдээр танилцуулга хийлээ.


БМИҮЗ-д гишүүнээр элссэн сургуулиудад БСШУ-ны сайд, БМИҮЗ-ийн дарга Л.Гантөмөр, БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан, БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн П.Эрхэмбулган, Боловсролын их сургуулийн захирал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн Д.Мөнхжаргал, Мандах бүртгэл дээд сургуулийн захирал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн Г.Нанжид, Соёл урлагийн их сургуулийн захирал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн гишүүн Э.Сонинтогос нар гэрчилгээ гардууллаа.