Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Та Монгол улсад өдөр бүр гурван хүүхэд зам тээврийн осолд өртөж, төрөл бүрийн гэмтэл авч, насан туршийн зовлонд унадгийг мэдэх үү? Замын цагдаагийн газарт 11 минут тутамд ирж буй ослын дуудлага бүрийн хэд нь хүүхэдтэй холбоотой байдаг бол? Багахан чармайлт гаргасан бол зайлсхийх боломжтой байсан энэ асуудлаас болж мянга мянган хүүхдийг хүлээж байсан гэрэлт ирээдүй замхран алга болж, ахархан хугацаанд насан туршийн зовлонд унасаар байна. Бидэнд жил бүр тасралтгүй өссөөр буй энэ "аймшигт тоонуудыг" багасгах боломж үнэхээр байхгүй гэж үү? Энэ бол өнөөдөр бидний онцолж буй #АминХариуцлага төсөл эхлэх болсон урьдач нөхцөл билээ.

Яагаад энэ сэдвийг онцлох болсон тухай асуултанд уг төслийг санаачлагч, зохион байгуулж буйГлобал Шэйпэрс нийгэмлэгийн гишүүн Б.Анар "Бид хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, анзаардаг хэрнээ анхаардаггүй, гэвч байнга л бидний эргэн тойронд өрнөж байдаг зам тээврийн аюулгүй байдлын асуудал, тэр дундаа өөрсдийгөө хамгаалах боломж, мөн чадалгүй бяцхан үрсийг хамгаалах тал дээр төвлөрөн ажиллахаар шийдсэн нь санаандгүй хэрэг биш" хэмээн хариулсан юм. Уг төслийн хүрээнд тус байгууллага Азийн Хөгжлийн Банктай хамтран олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү илүү сайн хандуулах сэдлийг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн үе шат бүхий медиа кампанит ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэд #АминХариуцлага гэсэн нэрийн дор залуу эцэг эхчүүдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг уриалж байгаа ажээ.

"Хүүхдүүд аав, ээж, эмээ, өвөөгийнхөө амин хайр нь байдаг боловч хүүхэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийгөө хамгаалж чаддаггүй. Энэ бол эцэг, эхийн хариуцлага. Энэ 2 бодлоос үүдэн төслийн нэр #АминХариуцлага байвал ойлгомжтой бөгөөд тохиромжтой гэж үзсэн" хэмээн тус нийгэмлэгийн куратор Э.Лхагва ярив. "Хүү маань эхэндээ ээжийнхээ авчирсан хүүхдийн суудал дээр суухгүй гэж ихэд дургүйцэн, уцаарлаж байсныг сайн санаж байна. Энэ бол уралдааны машины жолоочийн суудал, үүн дээр суухгүй бол цагдаа агаа аавыг нь торгоно шүү дээ гэж учирлан тайлбарлах болсон. Одоо болтол тэгэхгүй бол яадаг юм бэ гэж надаас хариу асуудаг хэвээрээ шүү" хэмээн тэр ярьсан юм.

Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг ч манай улсад бүрэн хэвшиж чадаагүй байгаагийн шалтгаан нь залуу эцэг эхчүүдийн мэдлэгийн дулимаг байдал, хэнэггүй байдал, мөн суудлын үнэ зэрэгтэй холбоотой байдаг гэнэ. Манай оронд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж яваагүй байдаг ажээ.

"Канадад дөнгөж төрсөн хүүхдийг эмнэлгээс гаргахдаа зориулалтын суудалгүй машинтай ирвэл эмнэлгээс гаргахыг зөвшөөрдөггүй гэдгийг сонсоод ихэд гайхаж, бөөн сүр нэмэх юм гэж бодож байлаа. Гэвч өөрөө 3 хүүхдийн ээж болоод, тэднийгээ өсгөх явцдаа зориулалтын суудал бол маягтай, боломжтой хүний нэмэлт хэрэглэл, гангараа биш танаас бүрэн хараат тэр бяцхан ертөнцийг аюул ослын эгзэгтэй, хэцүү мөчид таны халуун энгэрт үлдээж өгөх цорын ганц бэхэлгээ гэдгийг ойлгосон. 6 давхарт байх гэрийнхээ нээлттэй цонхны тавцан дээр нялх үрээ суулгаж үлдээгээд гал тогоондоо хоол хийгээд зогсох, машиндаа хүүхдээ зориулалтын суудалд бэхэлж суулгалгүйгээр авч явах хоёрын хор хөнөөл ижил гэдгийг хүн бүхэн, ялангуяа залуу эцэг эхчүүд ягштал ойлгож, зориулалтын суудлыг соёл болгон хэвшүүлж, бяцхан үрсээсээ цаг бусаар хагацах, тэднийгээ тахир дутуу болгох амьдын зовлонг бүү үзээсэй" гэж тус төслийн багийн гишүүн А.Ургамал нэмж хэлэв.

Төслийн баг реппер Цэцэтэй хамтран эхний радио сурталчилгаагаа цацаад байгаа бөгөөд "өврөөс нь буулга, өөрийнх нь суудалд суулга", "орилж л байг, уйлж л байг, суудал дээр нь суулгаж сурга" хэмээн уриалж байна.

НҮБ-аас жил бүрийн 4-р сарын 10-ны өдрийг "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр" болгон зарлаж, түүнтэй холбоотой мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх арга хэмжээг зохион байгуулдаг. Дэлхий даяар өдөрт 500 гаруй хүүхэд зөвхөн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа нь дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнөөс ч илүү их хор хөнөөл учруулж байгаа хэрэг юм. Үнэхээр ч Монгол улсад зам тээврийн ослын улмаас өдөрт нэгээс их хүн нас барж, зөвхөн 2014 онд л гэхэд 503 хүн энэ шалтгааны улмаас амь насаа алдсан нь олон нийт энэ асуудалд анхаарлаа илүү сайн хандуулах цаг нэгэнт ирснийг бэлхнээ илтгэж байна. Гуравхан сая хүнээс жил бүр 100 гаруй алаг үрс маань автомашин ослоос болж "машин дотор" нас барна гэдэг яах аргагүй харамсмаар тоо.

"Энэ төслийн хамгийн том ололт бол залуу нас, мэргэжил, ашиг сонирхол харгалзахгүйгээр төр, олон улс, хувийн хэвшил, төрийн бус, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон субьекттэй хамтран хүүхдийн замын аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулж байгаад оршино. Тийм учраас бяцхан үрстэй холбоотой замын тээврийн аюулгүй байдлын тухай мэдлэг мэдээллийг зөвхөн олон нийтэд хүргээд зогсохгүй бидний хэзээ ч төсөөлөөгүй хамтын ажиллагаа ямар их өөрчлөлтийг авчирч болохыг харуулна гэдэгт найдаж байна" гэж төслийн багийн гишүүн Б.Номинтуяа онцлов. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банк, Зам Тээврийн яам, Сангийн Яам, Замын Цагдаагийн Газар дэмжиж ажиллаж байгаагаас гадна хэвлэл мэдээллийн олон байгууллага хамтран ажиллахаар болжээ.

Э.Лхагва болон түүний багийнхны хийсэн ажиглалтын судалгаанд хамрагдсан 250 автомашины ердөө 14 нь л зориулалтын суудалтай байсан гэнэ. "Замын хөдөлгөөнд түгжирч явахдаа өвөр дээр яваа хүүхдүүдээс аюулгүй, зориулалтын суудал дээр зорчиж яваа хүүхдүүдийг илүү олон тоогоор олж харна гэсэн хүлээлттэй байна даа." гэж тэр яриагаа дуусгасан юм.

Unread та бүхэнд #АминХариуцлага төслийн эхний видеог танилцуулж байна. Энэ бол аав ээж таны заавал үзэх ёстой бичлэг.

Та хүүхдийн суудалтай холбоотой өөрийн түүх, туршлага, саналаа сэтгэгдлээр дамжуулан үлдээж, бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.

Unread нийгэм рүү чиглэсэн аливаа эерэг санаачилга, сайн дурын төсөл хөтөлбөрүүдийг үргэлж дэмжин ажилладаг. Хэрвээ танд үүнтэй холбоотой аливаа санал, санаачилга байвал бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

Эх сурвалж: http://www.unread.today/posts/post/550