Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ.



Энэ оны оюутан цэргүүд эх орондоо үнэнч байхаа илэрхийлэн өнөөдөр Чингисийн талбайд тангараг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

  • 2014 онд Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын 418 оюутан
  • 2015 онд Улаанбаатар хотын их, дээд сургууль болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангажээ.

Энэ жилийн хувьд тус хөтөлбөрт хөдөө, орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилт тавьж, нийслэлээс гадна Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн их, дээд сургуулийн оюутнууд аймаг дээрээ “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдаж, улмаар “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт-дадлагын төв”-д 741 оюутан, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан бүрэн хамрагдаж, нийт 986 оюутан цэргийн тангараг өргөж байна.

Хөтөлбөрийн санхүүжилтэд улсын төсвөөс 2014 онд 721 сая, 2015 онд 835,1 сая төгрөг, 2016 онд 835,1 сая төгрөг тус тус зарцуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр "Ээж аавууд хүүгээ сайн хүн болгоё гэвэл цэрэгт явуулах хэрэгтэй. Монгол Улс сайн иргэдээ дэмжихийн тулд бүх нийтээр цэргийн албанд хамруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Ингэж л Монгол Улс бие даасан байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлээ улам баталгаажуулах болно. Энэхүү бодлогын үндсийн үндэс нь цаашид “Оюутан цэрэг” хөтөлбөр байх болно.

Оюутан цэргээс цэргийн шилдэг дарга, цэргийн сайн боловсон хүчин, байнгын гэрээт албан хаагчид төрөн гардаг болно. Энэ чиглэлээр уг хөтөлбөрийг улам төгөлдөржүүлэн хэрэгжүүлэхэд манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэрэгжсэн байгууллагууд, цэрэг иргэний хэлтэсүүд онцгой анхаарч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Цэргийн анги байгууллага бүр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь бааз байх учиртай. Энэ талаар бид цэргийн удирдах албан тушаалтнуудын зөвлөлгөөний үеэр сайн ярилцсан. Тодорхой төлөвлөгөө, ажлууд хийгдэж байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд манай оюутны байгууллагууд, ээж аавууд, нийт иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал. Дээрээс нь их дээд болон мэргэжлийн сургуулиудын харилцан ойлголцол, сургалтын хөтөлбөр дадлагын ажлууд чухал үүрэгтэй. Ингэж л “Оюутан цэрэг” хөтөлбөр нь улс үндэсээ гэх нэгэн зорилго, нийтлэг эрх ашигт үйлчлэх эх оронч иргэдээ бэлдэх Монгол төрийн амин чухал бодлого болон улам өргөжиж үргэлжлэх болно. Энэ бодлогод хамаарахгүй манай улсын нэг ч салбар, айл өрх, иргэн байх учиргүй юм" гэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлагууд, БСШУЯ-ны холбогдох удирдлагууд, Монголын оюутны холбоо, их дээд сургуулийн захирлууд, оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mm


Эх сурвалж: www.ikon.mn

www.news.mn