Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 13.
Тэтгэлгийн зорилго:
- Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
- Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
- Магистр, докторын сургалт
- Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
- Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрийн зэргийн дипломтай байх,
- Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх;
Франц хэл:
- DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ;
- DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
- TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;
Хэрэв Та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Англи хэл:
Тухайн хүлээн авч суралцуулах сургуулийн шаардлагад нийцэхүйц оноо бүхий IELTS эсвэл TOEFL-г шалгалт өгсөн байх. Шалгалтыг 2014 оны 3 сарын 1-нээс хойш өгсөн байх;
Бүрдүүлэх баримт бичиг:
- Бүрэн, үнэн зөв бөглөсөн анкет /татаж авах/;
- CV буюу товч намтар;
- Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 фонтоор бичигдсэн байх/;
- Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
- Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн урилга бүхий албан захидал эсвэл тодорхойлолт;
- Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
- Докторын сургалтанд хамрагдах бол Монголын болон Францын эрдэм шинжилгээний удирдагч багш нарын зөвшөөрөл ба албан бичиг;
- Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг;
- Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэн,
2016 ОНЫ V САРЫН 13-НЫ ДОТОР дараах хаягаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлсэн байх ёстой..
Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хаяг:
Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны Элчин зөвлөх
Ноён Жон Флоран ФИЛТЦ танаа
Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.
Сонгон шалгаруулалт:Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
- Нэгдүгээр шатанд хоёр орны хариуцагч байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан комиссын гишүүд тэтгэлэгт хамрагдахаар бүрдүүлж өгсөн баримт бичигт үнэлгээ өгч, хоёрдугаар шатны шалгаруулалт буюу ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулна.
- Нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн, хоёрдугаар шатанд шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 5-р сарын 30-ны дотор Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг 2016 оны 6-р сарын 6-наас эхлэх долоо хоногт багтаан шалгуулагчид мэдэгдэнэ.
Францын ЗГ-н тэтгэлэг хүртэгч нь дараах эрхийг эдэлнэ.
- Тосч авах үйлчилгээ авах,
- Францын визны хураамжаас чөлөөлөгдөх,
- Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
- Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
- Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
- Мастер, докторын тэтгэмжит оюутнууд компьютер худалдан авсан бол нийт сургалтын хугацаанд нэг удаа төлбөрийг буцаан авах,
- Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
- Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
- Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
- Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.
Холбоо барих :
Нэмэлт мэдээллийг Франц Улсаас Монголд Улсад суугаа ЭСЯ-ны 11-324519 утсаар ажилтан Т.Төрнямтай холбогдож лавлана уу.
Цахим хаяг : turnyam.togtokh@diplomatie.gouv.fr
Түүнчлэн, дараах холбоосуудаар хандан Франц Улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.
ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга.
http://www.cnous.fr
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД
Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд.
http://www.education.gouv.fr
КАМПУС ФРАНС
Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.
http://www.campusfrance.org
ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүд
http://www.ciep.fr