Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

1.    МОХ XII чуулганаараа шинэ удирдлагаа сонголоо. Чуулганы үеэр жагсаал болж, бүр зодоон гарсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар хийнэ үү?

-МОХ-ны ээлжит чуулганы үеэр жагсаал болсон нь үнэн. Жагсаалыг зохион байгуулалттай хийсэн. ХААИС, МУБИС-ийн оюутнууд хичээлдээ сууж байхад нь мөнгө өгнө, хоол идүүлнэ гэж авч гарсан юм билээ. Гэхдээ оюутнууд буруу зүйл хийж байгаагаа ойлгоод зарим нь буцсан. Чуулганы үеэр зодоон гараагүй ч гаднаас дайрч орж ирэх тохиолдол гарсан. Эдгээр үймүүлсэн хүмүүс нь өөрсдийгөө МАХН-ын оюутны холбооных гэж танилцуулж, бусад намын оюутны холбоод МОХ-ны чуулганыг эсэргүүцэж байгааг хэлсэн. Тэднийг ийм ёс зүйгүй алхам хийсэнд бид харамсаж байна. Цаашид ийм хутган үймүүлэх байдал гаргахгүй байхад анхаарч ажиллана.

2. Оюутнууд улстөржиж байна гэх шүүмжлэл бий. Оюутнууд улстөржөөд байна уу, оюутнуудыг улстөржүүлэх сонирхол гаараад байна уу?


-Оюутнууд улстөржиж байгааг шүүмжилдэг. Гэхдээ оюутнуудыг улстөржүүлэх сонирхол байгаа. Бидний зүгээс оюутнуудыг улс төрийн намын харьяаллаар чуулганд оролцуулаагүй, ялгаварласан зүйл байхгүй. Гэтэл оюутнуудад мөнгө өгч чуулганыг үймүүлэх оролдлого хийлээ. Оюутны нэг саналыг 700 мянган төгрөгөөр худалдаж авах оролдлого хийсэн нь улс төрийн намын л хийж чадах ажил. Энгийн сургуулийн оюутны холбооноос нэг оюутанд 700 битгий хэл 70 мянган төгрөг ч өгч чадахгүй. Тиймээс улс төрийн намууд оюутнуудыг улстөржүүлэх оролдлогоосоо ухрахыг шаардаж байна.

3. МОХ оюутнуудын эрх ашгийг хамгаалж чадна гэж та баттай хэлж чадах уу?


-МОХ оюутнууддаа хүрч чадаж байгаа эсэх нь олон зүйлээс хамаарна. Сургуулиудад байгаа оюутны байгууллага идэвхтэй ажиллах ёстой. Дараа нь МОХ тухайн салбар зөвлөлтэй хамтран ажиллах тогтолцоо нягт байх хэрэгтэй. МОХ оюутны эрх ашгийг айхтар хамгаалж, өмөөрч чадахгүй байгаа ч төв холбооны зүгээс санхүүжилт зэргийг хариуцаж ажиллаж байгаа. Цаашид бид улам эрчимтэй ажиллах болно.

4. МОХ-ын удирдлагуудыг оюутнуудаас хураадаг мөнгийг эргэлдүүлж ашигладаг гэх яриа бий. Тухайлбал даатгалын мөнгө байна. Энэ мөнгө яг юунд зарцуулагддаг вэ?

-Оюутнуудаас хураадаг мөнгөний тодорхой хувийг тухайн сургуулийн оюутны зөвлөл авч, үйл ажиллагаандаа зарцуулдаг. Бид дараа сараас эхлэн вэб сайт болон сонин хэвлэлээр санхүүгийн тайлангаа гаргадаг болно. Даатгалын мөнгийг эргэлдүүлсэн асуудал байхгүй. Цаашид даатгалын мөнгө авдаг байх эсэхийг Удирдах зөвлөлөөр ярилцана. Өнгөрсөн онд 300 гаруй оюутан даатгалаас мөнгө авсан. Тэгэхээр даатгал хэрэгтэй хэсэг бий. МОХ-ны дансанд байгаа мөнгийг эргүүлдэг гэсэн яриа ч үндэслэлгүй. Харин ч бид гадны байгууллагуудтай хамтарч МОХ-ны санхүүг сайжруулах чиглэл баримталж ажиллана.

5. Оюутнууд талбайгаа аврахаар жагссан ч үр дүнд хүрээгүй. Энэ тэмцэл юу болсон бэ, тохиролцоогоор өндөрлөсөн үү?

-Оюутны талбайг авна. Өмнө нь янз бүрийн компаниуд оюутны талбайг тохижуулна гэж амлаж байсан ч хэрэгжүүлж байгаагүй. МОХ-ны одоогийн шинэ бүрэлдэхүүн хотын захиргаатай уулзаж талбайгаа авна. Оюутны талбайг 2002 онд Засгийн газраас албан ёсоор зарлачихсан. Тиймээс бид оюутны талбайг эзэмшиж байгаа компани болон нийслэлийн удирдлагуудтай ярих болно. Талбайн төлөөх тэмцлийг үргэлжлүүлнэ. Ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Ашиг хонжоо авсан зүйл байхгүй гэдгийг өмнөх удирдлагаас тодруулаад байгаа.

Мэдээний линк: http://question.time.mn/content/20353.shtml

Эх сурвалж: http://question.time.mn/content/20353.shtml