Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Mongol_ger.pdf

/татах/

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейпэрс Нийгэмлэг Улаанбаатарын зүгээс таны амрыг эрэн мэхийн ёслоё. Бид улс үндэстнийхээ нандин сайхан уламжлалыг сэргээн бэхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, Монгол хүнд бага балчраас нь багаар ажиллах ур чадварыг суулгах зорилготой Монгол Гэр Төслийг санаачлан эхний шатны үйл ажиллагааг амжилттайгаар хэрэгжүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Монгол гэр нь зөвхөн уламжлалт сууц байгаад зогсохгүй, гар болон эсгий урлал, дотоод зохион байгуулалтын билэгдэл гэх мэт олон өвөрмөц асуудлыг нэг дор шингээсэн, Монгол нүүдэлчин угсаатны соёл, уламжлалыг бүрэн төгс харуулсан, нүүдэлчин ардын бүтээлч, өвөрмөц сэтгэлгээ, ур дүйг уламжлуулах хосгүй үнэт соёлын өв юм.

Харамсалтай нь даяаршлын давалгаанд залуу үе маань өв соёлоосоо хөндийрч, үнэт уламжлалаа мартах аюул нүүрлэж байгаа энэ үед манай нийгэмлэг Ерөнхий боловсролын сургуулийн заавал судлах хичээлийн хөтөлбөрт Монгол гэрээ барьж сурах агуулгыг оруулж, шаардлагатай загвар гэрүүдийг худалдан авах санхүүжилтийг босгон олон нийтийн сүлжээний цахим хуудсуудад анхан шатны тандалт хийхэд санаанд оромгүй их дэмжлэг авсан юм.

Уг төслийн хүрээнд одоогийн байдлаар Нийслэлийн 60 сургуулийн сурагчдад Монгол Гэр гардуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд Нийслэлийн Боловсролын газартай зурсан хамтын ажиллагааны гэрээний меморандумын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн төлөвлөгөөнд албан ёсоор оруулах ажлыг эхлүүлээд байна.

Мөн “Техник Технологийн Дээд Сургууль” Монгол гэрийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь тус сургуулийн оюутнуудад Монгол Гэр барих дадлыг олгохоос гадна тус сургуулийн тогтвортой үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан санаачлага болж байгаа. Бидний энэхүү санаачлагыг санхүүгийн хувьд Рио Тинто компаниас ивээн тэтгэн дэмжиж ирснийг энд дурьдахын ялдамд талархал илэрхийлж байна.

Бид уг төслийг тодорхой үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үндэсний баялаг бүтээгч хамт олон та бүгдийг бидний санаачилгыг дэмжин, хамтдаа өв соёлоо хойч үедээ хамгаалан уламжлуулах энэхүү аянд нэгдэхийг УРИАЛЖ байна.

ГЛОБАЛ ШЕЙПЕРС НИЙГЭМЛЭГ УЛААНБААТАР ТББ-ЫН ЗАЛУУС