Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


Өнөөдөр бид залууст үүргэвчтэй аяллаар дамжуулан залууст шинэ сэдэл, шинэ эрч хүч өгдөг нэгэн бүсгүйг урьж, хэрэглэдэг апп-уудаа танилцуулахыг хүссэн юм. Индонезийн Балид аялал жуулчлалын чиглэлээр суралцсан Б.Сарантуяа өдгөө The Nomadic Soul хэмээх стартапыг үүсгэн байгуулж, Зүүн Өмнөд Ази болон Европын улсуудаар хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгож байгаа юм. 25 ч хүрээгүй байгаа тэрээр өдгөө аль хэдийн 16 орноор үүргэвчтэй аялал хийсэн бөгөөд 2 сая төгрөгөнд багтах бүтэн сарын аяллаар хамгийн багадаа 4 орноор зочилдог гэнэ.Түүний аяллаа төлөвлөхдөө, аяллынхаа үеэр ямар апп-ууд ашигладгийг уншина уу.

ROME2RIO

Аяллынхаа төлөвлөгөөг нухацтай гаргах нь нэн чухал. Тиймээс газрын зураг дээрээс боломжит маршрутыг харахаас гадна Rome2Rio-г ашиглан харьцуулалт хийдэг. Энэ апп-ийн гол давуу тал нь зорилтот газар луугаа ямар ямар хувилбараар, ямар тээврийн хэрэгслээр хэрхэн явж болох вэ гэдгийг харуулж чаддаг. Ерөөс хямдхан аялна гэдэг бол харьцуулалтууд хийх гэж ойлгож болно. Миний хувьд Rome2Rio-оос харсан маршрутаа шууд тэндээс нь захиалахгүйгээр AirAsia, GermanWings зэрэг хямд авиа компаниудын өөрсдийнх нь сайтаар дамжуулан тасалбараа захиалахыг илүүд үздэг. Заримдаа хөнгөлөлт, хямдрал зарлачихсан байдаг юм. Би нэг аялахдаа аль болох олон газраар орохыг хүсдэг тул заавал транзит нислэгүүд сонгодог. Транзитаар буюу дамжин өнгөрөх нислэгийн үеэр тухайн хотоороо аялах боломжтойгоор тааруулбал их цаг хэмнэдэг. Тухайлбал би Москвагаас ийшээ ирэхдээ Улаан Үдэ рүү нисэж, дунд нь Новосибирскд газардаж, аялж байлаа. Транзит нислэг шууд нислэгээс хэдий удаан ч хямд байдаг шүү дээ.

COUCHSURFING

Ганцаараа аялж байх үедээ би Couchsurfing-ийн апп-ийг ашигладаг. Ямар нэгэн улсад очоод тухайн нийгмийн аж амьдрал, соёл түүх, хэв маягийг жуулчны нүдээр биш яг өөрсдийнх нь нүдээр харах боломжийг надад энэ апп олгодог. "Гадны зочдыг гэртээ хонуулах" хэмээн тодорхойлж болох энэ үйлчилгээнд нэгдсэнээр надад бусад орны залуустай санал солилцох, тэднийг илүү мэдэх боломж олдсон гэж хэлж болно. Венецид надтай адил гэрэл зураг сонирхдог, стартап бизнес эрхэлдэг хүнийд "зочлох" боломж олдсон юм. Тэр айл надад их сайн хандаж, олон сонин сонирхолтой газруудаар дагуулж явсан. Сүүлд нь тооцоход ердөө 20 евро л үрсэн байсан шүү.

Олуулаа явж байхдаа бол Booking.com-ийн апп-ийг ашиглаж, хостелуудаа захиалдаг. Бусад ижил төрлийн апп-уудаас ялгаатай нь төлбөрөө очсоныхоо дараа хийх боломжтой байдаг юм. Бас цуцлахад ямар нэгэн шимтгэл төлдөггүй.

MAPS.ME

Аялж байх үед газрын зураг миний хамгийн дотны "нөхөр" болдог. Энэ үедээ Maps.Me-г ашигладаг юм. Google Maps-аас ялгаатай нь оффлайн горимд буюу интернетгүй үед ч ажилладаг давуу талтай. Очих газрынхаа газрын зургийг түрүүлээд татаад авчихаж байна гэсэн үг л дээ. GPS-ээр нь хаана явж байгааг чинь чиглүүлээд өгнө. Lonely Planet эсвэл Trip Advisor-ийн нийтлэлүүд, жагсаалтууд, бусад аялагчдын бичсэн аяллын тэмдэглэлүүдээс хаашаа явах, хаагуур явахаа сонгохыг зөвлөе. Илүү найдвартай гэж хэлж болно. Мөн фэйсбүүкийн Nomads life of cheap/free travel гэдэг группийг санал болгоё. Дэлхий даяарх үүргэвчтэй аялагчдын хамгийн идэвхтэй нэгдлээс олон сонирхолтой зөвлөгөөг үзэн хэрэгжүүлж болно шүү.

BETTERNET

Миний хувьд ихэнх аяллаа Хятадаар дамжихаар хийдэг учир VPN шаардлагатай болдог. Блоклогдсон апп-уудыг, ялангуяа сошиал апп-уудыг хэрэглэхдээ Betternet-ийг ашигладаг. Хамгийн хялбар, бас найдвартай нь гэж боддог. Аяллынхаа мэдээллийг Фэйсбүүк, Инстаграм ашиглан бусадтай хуваалцана. Имэйлээр захиалга болон бусад шаардлагатай мэдээллүүдээ солилцож шалгана. Зарим газар хэл нэвтрэлцэх шаардлагатай болбол Google Translate ашиглаж, түгээмэл хэрэглэгддэг үгсийг Notes дээр оруулан хадгалдаг.

GO-JEK

Зүүн Өмнөд Ази руу аялах гэж байгаа бол Go-Jek-ийг санал болгоё. Мотоциклон такси үйлчилгээ гэж хэлж болно. Их зугаатай бас их хямдхан. The Nomadic Soul 4 дэх удаагаа Тайланд, Лаос, Камбож гээд Зүүн Өмнөд Азийн орнууд руу аялахаар хөдлөх гэж байна. Go-Jek-ийг ашиглана даа.

ТӨГСГӨЛД НЬ

Аялна гэдэг бол зөвхөн мөнгөтэй хүний ажил биш гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Үнэхээр хүсэл сонирхол, тэмүүлэл, мөрөөдөлтэй бол чамайг юу ч зогсоож чадахгүй. Би аяллынхаа хугацаанд сайн дурын ажил хийж, өдрийн хоол, хоноглох газраа олдог байсан ч удаа бий. Балид англи хэлний ярианы багш хийж, Италид тэшүүрийн тэмцээнд сайн дурын ажил хийж байсан юм. Залуустаа боломж байвал аль болох олон газраар аялж, хүмүүстэй танилцан, шинэ зүйлс олж нээгээсэй гэж уриалж байна. Ингэж чадвал олон төрлийн хүмүүстэй танилцаж, харилцаа холбооны чадвараа хөгжүүлэн, тулгарсан асуудалд хурдан шийдвэр гаргаж, аливааг илүү өргөн өнцгөөс харж чаддаг болно гэж боддог.

Эх сурвалж: http://www.unread.today/posts/post/819