Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Улс үндэстний түүхийн анхдагч сурвалж, тулгын чулуу болдог Орон нутгийн түүх судлал, эх нутгаа танин мэдэхүй дээр тулгуурласан, эл чиглэлийн олон улсын стандартад нийцсэн анхны нэвтэрхий толийг та бүхэнд өргөн барьж байна. Эх түүхийн судалгааны үндсийн үндэс болдог орон нутаг судлал нь манайд төдий л хөгжөөгүй салбарын нэг байлаа. 1990-ээд оноос нутаг орноо сурталчлах, судлах, ном бүтээлийг өөрийн эрх чөлөөгөөр туурвих бололцоо нээгдсний дараагаар сая энэ боломж олдсон юм. Харин энэ ажил сайн дурын шинжтэй, хувь хүний санаачилга, “өөр өөртөө зөв” гэж харсан арга барил дээр тулгуурласан байдалтай, системчлэл, ангилал зүйн хувьд боловсронгүй болж амжаагүй явж иржээ. Гэвч орон нутаг судлалын анхны шанг татахаар зориглосон уугуул сэхээтнүүд түүхийн олон арван сурвалжийг зааж, мөрдөн сурвалжилбал зохистой өдий төдий үйл явдлын улбааг олж, судалгааны асар баялаг хэрэглэгдэхүүнийг үлдээж чадсныг тэмдэглэлтэй. Тэдгээр ном, тэмдэглэл, бичвэрүүдэд шинжлэх ухааны танин мэдэхүй болоод мистик үзэл санаа, атеизм хийгээд үлэмж сүсэг, шашин хийгээд онго шүтлэг ер бусаар холилдсон байдгийг анзаарахын сацуу хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэмээн хүндэтгэлтэй хандлаа.

Орон нутгийн түүх сонирхогчдоос эхлээд мэргэжлийн түүхчид, ХХ зууны монголын хөгжлийн янз бүрийн үеийг нарийвчлан судалсан эрдэмтэн, судлаачаас авахуулаад тухайн үйл явдал, үзэгдлийг сонирхон мөрдсөн нийтлэлч сурвалжлаач нар, түүхэн ховор гэрэл зураг цуглуулагчаас байгалийн зургаар мэргэшсэн зурагчид, төрөлх сум аймгаа сурталчлах хүсэлтнүүдээс өгсүүлээд аяллын сэтгүүл зүйн мастерууд, ном бүтээх мэргэжилтнүүд гээд 120 гаруй хүнтэй баг энэ номыг бүтээсэн гэдгийг дурдахад таатай байна. Нэвтэрхий толь бүтээх тогтсон стандарт, олж авсан туршлагадаа тулгуурлан толгой үгс, нэрийн цэс хийх, баримт сэлтийг боловсруулах, хянан тохиолдуулах зэрэг үлэмж нүсэр ажлыг нугаллаа.

Мөн өөрийн бичсэн ном, баримтын сурвалжууд, гүйцэд тодруулж амжаагүй үнэн мөний улбаа сэжим, хувийн цуглуулга сэлтээрээ сэтгэл харамгүй тусалсан олон иргэнд хүндэтгэл илэрхийлье. 

Монголын түүхэнд анх удаагаа аймаг орон нутгийнхаа түүх, соёл, аж төрлийн цогц шастирыг орчин цагийн ном бүтээх, нэвтэрхий толь туурвих жишгээр гаргах ажлыг халуунаар дэмжсэн Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газарт хэвлэн нийтлэгчийн зүгээс гүн талархал дэвшүүлж байна.

Орон нутаг судлалын чиглэлээр, нэвтэрхий толь бүтээх стандартаар хийгдсэн анхны бүтээлийг төрөлх аймгаараа хаяглах боломжийг улс үндэстний хэмжээнд анх удаа олсон Завханчууддаа баяр хүргэхийн сацуу энэхүү сайхан үйлсийг хамтран хэрэгжүүлэх боломж олсондоо баяртай буйгаа уламжилж байна.

Нэпко хэвлэлийн газар
Эх сурвалж: http://nepko.niitlelch.mn/content/5365.shtml